Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц

Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайх бол нээх тоодоггүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Өндөр ач холбогдолтой болохоороо тэр шүү дээ. Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц шүү дээ. Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс л эхэлдэг. Ясыг хэрхэн ашиглах тухай дараах хэдэн зөвөлгөөг бэлдлээ заавал хэрэгжүүлээрэй.
– Цайнд чанаж уух
– Ясны шөл гаргаж хэрэглэх
– Нунтаглаад бага багаар нь цай хоолондоо хийж идэх
– Нялх хүүхдийг ясны шөлөнд угаах, ууранд суулгах гэх мэт

Ясны шөл бэлтгэх

Мөлжүүртэй болон мөлжүүргүй яснаас шөл гаргахдаа, ясыг 8-12 см хэмжээтэй жижиглэнэ. Ясыг хүйтэн усанд хийж, үхэр, тугалын ясыг 3,5-4 цаг, гахай, хонины ясыг 2-3 цаг зөөлөн гал дээр чанана.

Зарим эх сурвалжуудад загасны ясыг 2 цаг, хонь, тахианы ясыг өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ.

Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр буцалгаж болно. Манай гэр хороололд бол шөнө зуухандаа гал нэмэхдээ тогоотой ясаа шөнөжин буцалгах боломж бас бий.

Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

Шөл гаргах арга:

  • Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
  • Шөлийг буцалмагч галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
  • Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
  • Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
  • Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
  • Хөргөсөн байдлаар 7 хоног, хөлдөөж хэдэн сар хадгална.
  • Ус нь бага зэрэг хүчиллэг бол яснаас ус руу кальци, магни, фосфор, хүхэр зэрэг эрдсүүдийг гадагшлуулдаг. Ийм учраас бага хэмжээний цуу хийх хэрэгтэй.

Эрүүл мэндийн ач тус

1. Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй. Глюкозамин агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэдэг. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад элемэнтүүд агуулагдана.

2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллаген юм. Түүнийг хүн хүнсий нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс авч хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.

3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна.

Толгой шийр зэрэг нь желатины агууламж ихтэй тул түүгээр царцаамаг хийж идэх нь эрүүл мэндэд тустай.

Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулна. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжидэг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой юм байна.

3. Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.

4. Үе мөчний коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхийн оронд ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байвал илүү үр дүнтэй бөгөөд шингэцтэй.

Бизнес санаа

Нийслэлийн гэр хорооллын хороонууд энэ бизнес санааг өөрсдийн дэвсгэр нутагт хэрэгжүүлж болно. Тоног төхөөрөмж үл шаардах энэхүү өрхийн үйлдвэрлэлийг хорооны ажилгүй иргэдийн дунд санаачлан явуулах нь зүйтэй. 

Ясыг олон цаг зөөлөн гал дээр болгох боломж нүүрс түлж байгаа айл бүрт бий. Өглөө орой зуухандаа гал нэмэхдээ л тогоотой ясаа чанаад нь болгочихно шүү дээ. Харин хорооны иргэдийн дунд Сүү, Тараг, Айраг савлагч машинтай айл хөршүүдийнхээ ясны шөлийг нь савлаад, хөлдөөгөөд өгөх үйлчилгээ үзүүлбэл супер маркетуудаар борлуулах боломжыг нь нээж өгнө. Нийслэлийн нийтийн хоолны газрууд ч ясны шөлийг дуртай худалдан авна.

Ясны шөл нь Үе мөчний өвчтэй өндөр настнуудад кальцийн үнэт тэжээл болно. 

Харин зав зай муутай бүсгүйчүүд маань бэлэн шөлөөр амттай сайхан хоол хийнэ.

 Үхрийн булууны ясыг чанаж шөлийг нь гаргасан бол хаяж болохгүй. Булууны яс нь ясны шаазангийн хамгийн үнэт түүхий эд болдог.

Үүнийг хэрхэн боловсруулж, мөнгө болгох талаар сонирхолтой бизнес санааг би өөрийн "Мөнгө босгох мянган санаа номон дээрээ тодорхой өгүүлсэн байгаа.