0
CATEGORIES

Хүн бол хамгийн сониуч амьтан. Сониуч занг нь зөв өдөж чадвал амжилтанд хүрэхэд ойрхон. Жишээ болгож хэдэн хачирхалтай аргуудыг хэлье.

1. Содон нэр

Содон нэр сониуч хүмүүст олзлогдохдоо амархан байдаг. Хэдэн жишээ татъя. Эрээн хотод “Дарваан харын дэлгүүр” гэдэг хачин нэртэй дэлгүүр байдаг. Эзэн нь өөрөө бодоод өгсөн юм уу, эсвэл Монголоор орчуулж бичсэн хүн нь тоглоом тохуу болгоод, ингэж даажигнасан юм уу? бүү мэд. Ямар ч байсан “Дарвайсан хар хүн”-ийг сонирхох гэж, хүмүүс тэр дэлгүүрээр их ордог гэнэ.

Бас “Цадахгүй байхыг чинь харъя” гэдэг өдчихсөн хаягтай гуанз Улаанбаатарт байдаг. Манай хоолны порц сайн шүү гэсэн тодотголыг хаягаараа тод илэрхийлж чадсан энэ гуанзны хажуугаар нь явсан хүмүүсийн эгдүү хүрч, шохоорхолдоо хөтлөгдөн ормоор санагддаг гэнэ.

Харин нэгэн Монгол бүсгүй анх удаа энэ аргыг сэтгэж, Хятад даяар нэрд гарсан гэдэг. Бээжин хотод бэлэвсрэн үлдэж, амьдралын хатуу хөтүүг амсаж явсан залуу бүсгүй “Их хааны дуртай хоол” гэдэг нэртэй халуун тогооны гуанз нээжээ. Бүсгүйн эр нөхөр нь Хубилай хааны торгон цэрэгт алба хааж байгаад, дайнд амь үрэгдсэн ажээ. Хааны дэргэд алба хааж байсан цэрэг эрийн эхнэр байсан тул, тэрээр хүний нутагт бэлэвсрэн үлдсэн азгүй Монгол бүсгүйчүүдийн нэг билээ.

Бүсгүй одоогийн халуун тогооны мах шиг нимгэн зорж, хэрчсэн мах хийдэггүй байв. Жинхэнэ Монгол утгаар нь борц хийдэг байжээ. Борц нь үе үеийн их хаадын цэргийн голлох хүнс байсан бөгөөд бүсгүй ч цэрэг хүний эхнэр тул хамгийн сайн хийж чаддаг хоол нь байлаа.

Борц шиг өвөрмөц үнэр, амттай хоолыг олъё гэвэл Бээжин хот байтугай Дундад улс даяар хайгаад олохгүй. Зөвхөн Монгол эхнэрийн хийж чадах энэ амт түүний давуу тал нь байсан юм. Их хаан маань ямар хоол идэх дуртай юм бол? гэсэн шохоорхол Бээжин хотын баячуудын сониуч занг хөдөлгөж, бүсгүйн гуанзанд ирж үйлчлүүлдэг байжээ.

Энэ чимээ удалгүй Хубилай хааны чихэнд хүрч, их хаантан өөрөө Монгол бүсгүйн гуанзанд залрав. Хаантан бэлэвсэн эхнэрийн цэцэн ухааныг биширч, дотроо чин сэтгэлээсээ талархаж байв. Учир нь Хаантан өөрийнхөө дуртай хоолыг сайн мэднэ шүү дээ. Тэгээд Монгол бүсгүйн гараар хийсэн, борцтой халуун тогооны хоолыг идэж үзээд,

- Энэ бол өвөг дээдсийн минь үеэс уламжлан ирсэн Монголын их хаадын зоог билээ. Хамгийн дуртай хоолыг минь дотор газар таниулж, Бээжин хотод зоогийн газар нээсэн энэ бүсгүйг 1000 лан алтан зоосоор урамшуулан, дотор газар “Их хааны дуртай хоол” хэмээн түгээн дархла! Энэ хоолыг Монгол цэргийн эхнэрүүдээс өөр хүн хийхийг цаазлан хориглосугай! гэж зарлиг буулгасан гэдэг.

Энэ зарлиг бол одоо цагийн хэллэгээр бол шууд монополь эрх дарх олгож, “Их хааны дуртай хоол” гэдэг нэр болон борцтой халуун тогооны зохиогчийн эрхийг нь баталгаажуулж байна гэсэн үг юм.
Тэр өдрөөс хойш “Их хааны дуртай хоол” зоогийн газар ирж, зоог барих нь Бээжин хотын ихэс дээдсийн нэр төрийн хэрэг болж хувирав. Түүнийгээ бахархал болгон бусдад гайхуулах баячуудын тоо ч нэмэгдэж гэнэ.

Энэ нь одоо цагийн хэллэгээр бол маш том реклам сурталчилгаа болсон төдийгүй зөвхөн ихэс дээдсийн хүрээнийхэн ордог Таван одот зоогийн газар гэсэн ойлголт билээ. Өдөр бүр, өндөр үнэтэй хоол идэх нь хохиролтой ч, баярхах дуртай баячууд тэднийхээс тасарсангүй. Учир нь Хубилай хааны дуртай хоолыг идэх хувь зөвхөн “Тэнгэрийн хөвгүүдэд” заяах, дээдсийн хишиг билээ.

Хятад хүний ходоодоороо мэндэлдэг ёс заншлийг нь овжин ашиглаж, их хааныхаа нэрээр зоогийн газар нээсэн Монгол бүсгүйн “Халуун тогоо” гэдэг хоол одоо ч гэсэн Хятадад хамгийн нэр хүндтэй хоолны жагсаалтанд багтдаг ажээ. Содон нэрийг зөв өгнө гэдэг бол “Сониуч занг өдөөх аргуудын” нэг дэх жишээ энэ юм.

2. Сөрөг PR

Би 2008 онд www.mychina.biz сайтаа Монгол хэл дээр нээгээд тун удаагүй байлаа. Гэтэл нэг залуу “Та манай сайт дээр сайтынхаа баннерийг байршуулбал сайтын чинь хандалт нэмэгдэнэ.” гэсэн саналыг Yahoo messenger-ээр надад дэвшүүлдэг юм байна. Тэр нь олонд танил биш жижигхэн сайт ингэж өдсөнд гэдэн хөдлөөд:

- Танайх шиг ЖИЖИГХЭЭН сайтанд баннер тавьж харагдаач гээд хариу биччихэв.

Гэтэл удалгүй миний мессенжерт байгаа найзуудаас минь бөөн бөөн зурвас ирдэг юм байна.

Та Хятад эхнэртэй юм уу?,
Хятадад очоод эхнэрээ солио юу?,
Халхын хүүхнүүд түрүүлгээ харчихаагүй байх.
Очиж очиж Хужаа хүүхэн үү?,
Өвөртлөөд унтахад үнэрт нь дасаж байна уу? ч гэх шиг доромжлол, гүтгэлэг, гайхшрал хосолсон баахан зурвас намайг дарлаа. Би мэл гайхаж, хэн ийм мэдээлэл өгснийг лавлав.

Гэтэл нөгөө ЖИЖИГХЭЭН сайтын ажилтан залуу маань “www.mychina.biz сайтын захирал Энхтайван гуай Хятад эхнэртэй юм гэнэ ээ” хэмээн гүтгэсэн зурвасыг мессенжертээ байгаа хүмүүст цацсан байлаа.
Эцэг шигээ насны Монгол эрийг “Хятад эхнэртэй гэнэ” хэмээн гүтгэсэнийг нь бодохоор, байж тогтох газраа олж ядан, уур хилэн минь буцлав.

Би энэ доромжлолынх хариуг хэрхэн барьж, яаж тэсч гарахаа ч мэдэхгүй сууж байлаа.  Дэмий л асуусан хүн болгонд “Би Архангай нутгийн сайхан Монгол эхнэртэй хүн шүү” гэсэн хариуг өгч байв.
Орой нь сайтынхаа хандалтыг үзсэн чинь, зочины тоо 2500 хол давсан байв.

Өдөрт дөнгөж 20 хүн үздэг байсан шинэхэн сайт руу маань гэнэт ийм олон хүн хандана гэж зүүдэлсэн ч үгүй. Тэрхүү сөрөг ухуулгын ачаар, “Хятад эхнэртэй хүн ямар сайт нээсэн юм бол” гэсэн сониуч хүмүүсийн хандалтууд намайг шинэ амжилтанд хүргэж билээ. Энэ өдрөөс хойш хэн ч мэддэггүй байсан сайт маань олны танил болсон юм. Сөрөг PR бусдын анхаарлыг татдаг нь “Сониуч занг өдөөх аргуудын” хоёр дахь жишээ энэ бөлгөө.

3. Нэг хүнд зориулсан ганц бараа

Гонг конгод оёдолчин залуу зөвхөн нэг л хүнд зориулж даашинз урлаад амжилтанд хүрчээ. Нэг өдөр тэрээр интернетээс Hollywood-ын одуудын фото зургийн цомгийг олж гэнэ. Тэрээр бүх зургийг ханандаа нааж, онцлог талыг нь олж харах гэж олон өдөр ажиллав.

Тэрээр олсон шинэлэг санаануудаа тусгаж, шүтэн бишрэгч дуучин бүсгүйдээ зориулан даашинз оёхоор шийджээ. Энэ түүнийг алдрын замд хөтөлсөн бизнес санаа байсан юм.

Залуу олон өдөр сууж, даашинзаа урлаж дуусгаад, дуучныхаа тоглолтын өндөр үнэтэй тасалбар авч тоглолтыг нь үзжээ. Өндөр үнэтэй тасалбар гэдэг бол дуучинд хамгийн ойр суудал. Тоглолт ид дундаа орж, дуучин бүсгүйн сэтгэл ид хөөрч байлаа. Энэ үед Залуу тайзан дээр гарч ирээд дуучинд хандан:

- Энэ үдшийн Хатан хааны даашинзыг зөвхөн танд зориулан, сэтгэлээ шингээж урлав гэж хэлээд, даашинзаа бэлэглэжээ. Энэ сюрприз олон шүтэн бишрэгчдийнх сониуч занг өдөөж, дуучныг үдшийн “Хатан хаан”-ы дүрээр тайзнаа харахыг хүсэж, халуун алга ташилт нижигнүүлэв. Фенүүдийн хүсэлтээр дуучин даашинзаа өмсөн гарч ирэхэд, танхим дүүрэн хүмүүс алмайран дуу алдацгаав.

idea031

Алдарт дуучин Miriam Yeung тайүан даашинз өмссөн байгаа нь

Гэнэт хөтлөгч “Maiden’s Prayer-Бүсгүйн залбирал” гэж алдарт дууных нь нэрийг зарлаж, Miriam Yeung хөгжимгүйгээр дуулж эхлэв.

Танхим дүүрэн фенүүд нь ч дууг нь даган дуулж баяр хүргэцгээлээ. Энэ бол санаанд оромгүй бэлэг болсон юм. Олны танил царайлаг, дуучин бүсгүй маань уран залуугийн шинэ даашинзны амьд сурталчилгааг хийж байгаагаа ч мэдэлгүй, сэтгэлийн хөдлөлөө барьж ядан:

- БҮСГҮЙН ЗАЛБИРАЛ дууны минь хариуд, Бурхан надад Хатан хааны даашинзаар бэлэг барьлаа” гэж сэтгэл догдлон зарлажээ.

Маргааш нь Гонг Конгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр оёдолчин залуугийн тухай шуугиан дэгдэв. Тэр өдрөөс хойш урлагын одууд болон нэр хүндтэй бизнесменүүдийн эхнэрүүдээс “Зөвхөн надад зориулж даашинз оёж өгөөч” гэсэн хүссэн захиалгууд шил даран орж ирэв. Залуу ч “Only for You - Зөвхөн танд” гэдэг нэртэй шинэ брэнд бий болгож, нэр хүндтэй хүмүүст зориулан даашинз, костюм оёдог болжээ. Өнөөдөр ч гэсэн “Only for You” брэндийн хачирхалтай бизнесийн түүх үргэлжилсээр л байна.

Нэг хүнд зориулсан бараа бол “Сониуч занг өдөөх аргуудын” гурав дахь жишээ юм.

4. Бурханаас илгээсэн амт.

Хүн бодол санаагаараа хувь тавилангаа өөрчилдөг. Харин эерэг үү, эсвэл сөрөг үү? гэдэг дээр ялгаа нь оршино. Энд би эерэг үзэл бодлынхоо хүчинд ирээдүйд хөтлөх замаа нээсэн Япон сэтгүүлчийн тухай ярих гэсэн юм.

Тэр эгэл жирийн ядуу сэтгүүлч байсан. Гэвч тэрээр бусдаас өөр бодолтой. Тэр үргэлж гэрэл гэгээтэй амьдралын тухай ургуулан бодож, түүнийгээ уран яруу үгээр дүрслэн илэрхийлэх дуртай. Тийм болохоор бусад сэтгүүлчид түүнийг “Бурханы номлогч” гэж өхөөрдөн дуудна.

Нэгэн өдөр залуу сэтгүүлч цалингаа аваад, хотынхоо хамгийн хоол сайтай зоогийн газруудын нэгэнд оройн хоол идэж гэнэ. Сайхан хоолны амтанд урам нь сэргэсэн залуу маань тогооч нарыг нь дуудаад:

- Бурхан та нарт хосгүй “Амт”-ыг илгээжээ! гэж хэлээд танхимд үйлчлүүлж байгаа хүмүүст хандан:

- Хосгүй энэ амтыг мэдрэх, Ховорхон аз бидэнд заяажээ. Тийм үү? Хүмүүс ээ! гэж олонд сонсогдохоор чанга хэлэв. Чин сэтгэлээсээ хэлсэн түүний урмын үг хүмүүст нэгийг бодогдуулсан нь мэдээж. Үйлчлүүлэгч нар хоолоо амталж үзсэнээ:

- Тийм байна шүү. Үнэхээр бурханы илгээсэн амт байна! гэж ам амандаа шагшин магтацгаав.

Танхим дүүрэн хүмүүсээс бөөн бөөн урамын үг сонсгосон гэнэтийн шоунд алмайрсан зоогийн газрын эзэн, тогооч нар хэрхэн талархах учраа ч олохгүй гайхах, баярлах хослож байлаа. “Амтны таашаалын хариуд, сэтгэлийн таашаал хүртэнэ” гэгчээр ийм урамын үг сонссон тогооч хүн нэг өдөр бүү хэл, бүтэн сардаа ч сэтгэл өөдрөг явдаг.

Энэ өдрөөс хойш, тогооч нар хоолныхоо АМТ-нд сэтгэлээ шингээх урам зориг төрж, зоогийн газрын эзэн “Залуу сэтгүүлчийг дахин ирвэл үнэгүй дайлах юмсан” гэж бодох болжээ. Хүний сэтгэл гэдэг ийм л уяхан байдаг шүү дээ. Гэвч залуу сэтгүүлч маань дахин ирсэнгүй.

Харин залуу сэтгүүлч маань энэхүү амьдралын гэгээлэг бөгөөд бодит дүр зургаас “Бурханы илгээсэн амт” хэмээх алдарт нийтлэлийнхээ санааг олж, алдрын замаа нээсэн юм. “Олныг уриалагч залуу” маань өөр бусад газруудаар явж, Урам хайрлах жүжгээ тавьсаар явааг зоогийн газрын эзэн хэрхэн мэдэх билээ дээ.

Хүн хэлэхээс нааш, Цаас чичихээс цааш гэдгээр тэр өдрөөс хойш зоогийн газарт байсан хүмүүс байнга ирдэг болж, зоогийн газрын орлого ч эрс нэмэгдлээ. Ямар ч хүн таалагдсан АМТ-аа хайж, хол газраас ч зорин ирдэг нь амьдралын бичигдээгүй хууль! Амт гэдэг бол мөнгийг хайр найргүй цацдаг гайхамшигт мэдрэхгүй билээ.

Залуу “Хүнд урам хайрлах” бизнес санаагаа цааш хөгжүүлэн, сонин сэтгүүлд Хотынхоо хамгийн сайхан хүмүүсийн тухай бодит нийтлэлүүдийг бичих болов. Түүний бичсэн нийтлэл бүр нийгэмд оршиж байгаа гэгээлэг бүхнийг өгүүлдэг болохоор сонин сэтгүүлийн газрын эзэд талархан хүлээн авдаг болжээ. Тэр бусдаас ялгаатай. Бусад сэтгүүлчид олныг шуугиулсан эрээн, бараан шар мэдээ хайж явдаг бол өгүүллэгийн баатар маань “Сайхан хүмүүсийн тухай туужууд”-аа л бичсээр байв.

Залуугийн бичсэн нийтлэлүүд уншигчдад “Бурханаас илгээсэн амьдралын амтыг” мэдрүүлдэг бол нийтлэлийн гол баатрууд нь түүний бишрэн шүтэгсэд болно. Тиймээс ч тэд түүнд “Урам хайрлагч” хэмээх эрхэм “Цол”-ыг хайрлажээ.

Төрөөсөө аваагүй ч, ард түмнээсээ хүртсэн энэ ЦОЛ залууг улс даяар алдаршуулсан нь түүнд Бурханаас илгээсэн бэлэг байсан юм. Тэр ч бүү хэл реклам сурталчилгааны газруудад “Урам хайрлагч”-ын зураг өндөр үнээр борлогдож эхэлсэн байна.

Чин сэтгэлийн урмын үгийг бусдад хэлэх нь “Сониуч занг өдөөх аргуудын” дөрөвдөх жишээ юм.

Бизнес санааг бичсэн: Суусан цэцэн биш явсан тэнэг хэмээх Ц.Энхтайван

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 845  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх